МЭНДЧИЛГЭЭ
Их эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутгийн гал голомтыг сахин суугаа Дадал сумынхаа нийт иргэд та бүхний амар мэндийг айлтган юу санасан есөн цагаан хүсэл нь биелж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье!
Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгох 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХурал нь сумынхаа нийт ард иргэдийн эрх ашгийг дээдлэн, хувь хүн өрх гэрийн хөгжлийн эрхэмлэн ажил орлоготой иргэд, байгальд ээлтэй үйлдвэрлэл, дунд болон урт хугацааны бодлого боловсруулан орон нутгийнхаа хөгжил цэцэглэлийн бодитоор хөгжүүлэх зорилт тавин өөрчлөлт шинэчлэлт, иргэдийнхээ ашиг сонирхолтой салшгүй холбоотой ажиллаж ирсэн билээ.
Дадалчуудын хувьд сүүлийн 3-5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын их ажил өрнөсөн, сумынхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн хөгжил дэвшлийн жилүүд байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 193 дугаар тогтоолын дагуу Улсын тэргүүний сум шалгаруулах болзлын биелэлтийг ханган ажиллаж Монгол Улсын тэргүүний сум болсон тогтоол шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авсан.
Нийт зон олон та бүхнийг сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө иргэн бүр сэтгэл гарган хөдөлмөрлөж, өвөг дээдсийнхээ ариун голомтыг хөгжүүлэх их үйлсэд сэтгэл зүтгэл гарган ажиллахыг уриалж байна.