соёлын төв

1934 онд Онон голын буриад хошууны   “УЛААН БУЛАНГ” Дугарын Дунгаржид хэмээх төр нийгмийн зүтгэлтэн дайчин эмэгтэй санаачлан байгуулж, тухайн үеийн үзэл суртлыг иргэдэд ухуулан таниулах зорилгоор дуу бүжиг заах, сүүдэр ший тоглож үзүүлэх зэрэг соёл олон талт хүмүүжлийн ажлыг зохион байгуулснаар өдгөө сумын соёлын байгууллага үүсэж хөгжсөн түүхтэй. Монгол орон даяар соёлын үрийг энд тэндгүй тарих болсноор 1940-1954 онд Долгорын Лувсаншарав хэмээх авъяаслаг нэгэн улаан булангийн идэвхтэнээр ажиллаж, дуу дуулах, мандолин хөгжмөөр хөгжимдөх, бүжиг дэглэн заан сургадаг сайн дурын уран сайханч, манлайлан удирдан зохион байгуулагч байв.1954 онд Баян сум, Дадал сум нэгдэн нийлсний өвөл клуб гэж нэрлэгдэх болсон ба 1954-1960 онд Б. Базаргүр, 1960-1962 онд А. Найданжав, 1963-1964 онд                 Н. Равдан, 1964-1968 онд Б. Баатарцогт, 1968-1971 онд Б. Найданжав, 1971-1973 онд                        Д. Сүхбаатар, 1973-1980 онд  Н. Долгорсүрэн, 1980-1985 онд Б. Даваажаргал, 1985-1988 онд С. Өлзийбаяр, 1989-1990 онд Т. Баярсайхан 1990-1991 онд Сарантуяа, 1991-1992 он                          С. Саранцэцэг нар ажиллаж байв.

     Сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойгоор баригдаад дутуу орхигдсон уурын зуухны барилгыг сэргээн засварлаж, иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэж байсан ба 1998 онд сумын ЗДТГ-аас Соёлын төв хариуцсан ажилтныг томилон ажиллуулж, 1999 онд сумын ИТХ-аар төсвөө батлуулан бие даасан байгууллага болсноор хөдөөгийн хүн амын соёлын түвшинг дээшлүүлэх, тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурласан соёлын олон талт ажлуудыг зохион байгуулж, тухайн үеийн эрхлэгчээр Ш. Гангантуул, Ч. Нарангэрэл, Ц. Янжмаа нар ажилласан. 2013 онд улсын төсвийн 808 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 410 үзэгчийн суудал бүхий халаалттай зориулалтын барилгыг хүлээн авч ашиглалтанд оруулснаар Соёлын төв нь төрөөс баримталж буй соёлын бодлого, Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт соёлын талаар тусгагдсан зорилтуудыг ханган биелүүлэх, хөдөөгийн хүн амын соёлын түвшинг дээшлүүлэх, тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан соёлын олон талт ажлуудыг зохион байгуулж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын материаллаг орчныг сайжруулах, соёлын ажилтан, ардын авъяастны идэвхи санаачлагыг өрнүүлэх,  хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэн үйл ажиллагаа явуулж байна.

 

    ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүн төрөлхтний биет болон биет бус өв, соёл урлагийг эрхэмлэн дээдлэж, түүний үнэт зүйлээс суралцах, өвлөн уламжлах, бүтээн туурвих, хадгалан хамгаалж, сэргээн засварлах, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

    АЛСЫН ХАРАА: Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогоор үндсэн чиглэлээ тодорхойлж, сум, орон нутаг, бүс, аймаг, улсын хэмжээнд чанартай уран бүтээлийг туурвиж, иргэдэд зориулалтын тохилог орчинд хүртээмжтэй соёлын иж бүрэн хүргэх, үйл ажиллагааны бие даасан, орчин цагийн шинэлэг Соёлын төв болно.

 

    БҮТЭЦ ОРОН ТОО: Соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, музейн  ажилтан болон үйлчилгээний ажилтануудаас бүрдсэн  7 чадварлаг албан хаагчтай ба хөдөөгийн иргэдэд соёлын цогц үйлчилгээг хүргэх, сум, бүс, аймаг,  улсын  хэмжээнд чанартай уран бүтээлийг туурвин амжилттай ажиллаж байна.

 

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Соёл урлаг, музей, номын сангийн үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

2022-10-04 17:36:16