Волейболын спортын нэрт дасгалжуулагч Дүгэрийн Ренчингийн тухай Волейболын спортын нэрт дасгалжуулагч Дүгэрийн Ренчин нь 1950 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Дүгэрийн ууган хүү болон төржээ. Бага насаа эцэг, эхийн асрамжинд хүмүүжин 1958 онд аймгийнхаа Дадал сумын 7 жилийн дунд сургуульд элсэн орж 1965 онд дүүргэн улмаар Биндэр сумын 10 жилийн дунд сургуульд шилжин суралцан 10 дугаар ангийг 1968 онд төгссөн. 1968 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн харьяа Биеийн тамирын факультетэд элсчээ. 1972 онд сургуулиа төгсөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл багшаар ажиллаж, 1977 оноос 1979 он хүртэл Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад Олон улсын дасгалжуулагчийн дээд курс төгссөн юм. 1983 он хүртэл Биеийн тамир спортын улсын хороонд хөнгөн атлетикийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1983-1994 он хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр дунд сургуульд багшаар томилогдож, 1994-1998 он хүртэл тус сургуулийн захирлаар, 1998 оноос 2008 он хүртэл багшаар ажилласан байна. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар тасралтгүй 36 жил ажиллахдаа сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах талаар анги, нас биеийн онцлогоор судалгаа гарган хөдөлгөөний дадал, чадвар олгож, анх хөнгөн атлетикийн төрлөөр, сүүлийн 20 шахам жилийг спорт тоглоом болох волейболын спортын төрлөөр тус тус мэргэшин ажилласан байна. Хөдөө орон нутагт биеийн тамирын хичээлийн техник хэрэгслийг орон нутгийн нөөц бололцоо ашиглан бэлтгэж сургалтын орчныг бүрдүүлэн, хүүхдийн нас, биеийн онцлог, ачаалал хүлээн авах чадвар зэргийг харгалзан хэсгийн, нийтийн хамарсан, холимог хичээлийн хэлбэрийг өргөн ашиглан үр дүнг дээшлүүлэх замаар авьяасыг тодруулан хүүхдийг бага наснаас нь сонгон авч тэднийг сонирхол, чадварынх нь дагуу секц дугуйлангаар тогтмол хичээллүүлж, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлж, ур чадвар, тэсвэр хатуужилтай сурагчдыг бэлтгэдэг өөрийн өвөрмөц арга барилтай хүн юм. Аймаг улсдаа алдартай олон тамирчдыг төрүүлэхээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба түүний баталгаа болгож шавь нараас нь самбо бөхийн Дэлхийн залуучуудын аварга, Гавъяат тамирчин, Улсын заан С.Хүрэлбаатар, хөнгөн атлетикийн Улсын рекорд спортын мастер Б.Батболд, Ж.Буяндэлгэр, Э.Энхтуяа, А.Туяацэцэг, С.Оюунбилэг, С.Эрдэнэтуяа, шидэлтийн өсвөр үеийн Улсын рекорд спортын мастер Ш.Бямбасүрэн, Б.Баттулга, Д.Дэлгэрцэцэг, волейболын спортын мастер Ч.Отгончимэг, Р.Тамираа, Р.Хангай, Э.Батбаяр, Б.Хишигдаваа, Р.Солонго, Г.Энхсайхан, Б.Хонгорзул, Э.Баттөр болон дэд мастер, 1 дүгээр зэргийн тамирчид 120 гаруй байгаа нь түүний амжилтын баримт. Д.Ренчин багшийн дасгалжуулагчаар баг тамирчид хөнгөн атлетикийн болон волейболын спортын төрөлд өсвөр үеийн улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 40 удаа тэргүүн байр, 15 удаа дэд байр, 10 удаа 3 дугаар байрт шалгарч алтан медаль 517, мөнгөн медаль 337, хүрэл медаль 72, бүгд 926 медалиар энгэрээ мялааж, зэрэгтэй тамирчид 600, зэрэгтэй шүүгчид 350 гаруй, Олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер 50 орчим, спортын 1 дүгээр зэргийн тамирчин 38, идэрчүүдийн ба өсвөр үеийн дээд амжилтыг 54 удаа шинэчилэн тогтоож, хөнгөн атлетикийн 2 удаагийн дээд амжилт /одоог хүртэл эвдэгдээгүй/, 400 аварга төрж олон улсын тэмцээнд 30 гаруй тамирчдыг оролцуулан Монгол Улсын шигшээ багт тамирчдаа бэлтгэн оролцуулсан билээ. Волейболын үндэсний лигт түүний гараас их спортод хөл тавьсан олон шавь нар нь тоглож байна.. Дүгэрийн Ренчингийн сурган хүмүүжүүлэх ажилд үр дүнтэй ажилласныг нь төр засаг үнэлж 1992 онд “Алтан гадас” одон, 1997 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар зарлигаар “Гавьяат багш” цолоор тус тус шагнасан юм. Монгол улсын гавьяат багш Д.Ренчингийн хөдөлмөр зүтгэлийг аймаг, орон нутаг, түний гэр бүл, шавь нар нь хүндэтгэн дурсаж түүний нэрэмжит волейболын өсвөр үеийн улс, бүсийн чанартай тэмцээнийг зохион байгуулан алдаршуулдаг. Мөн Хэнтий аймгийн Орон Нутгийг Судлах Музейд Д.Ренчин багшийн нэрэмжит буланг шинэчлэн байгуулжээ.