Хөдөлмөрийн баатар Цэрэнгийн Чойдорж

Цэрэнгийн Чойдорж

Ц.Чойдорж нь 1919 онд Оросын холбооны улсын Чита мужид төрсөн. Бага насандаа хошууны бага сургуулийн танхимд суралцан, ХЗЭ-ийн үүрийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж явсан.

          1937 оноос сумын эмнэлэгт барилгын эрхлэгч, эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотод талх, нарийн боовны үйлдвэрт нярав, Үйлдвэрчний хорооны дарга, 1946-1965 онд Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн даргаар, Нэгдэл дундын амралт, Ононгийн халуун рашаан, Аварга тосон амралтын газрын даргаар тус тус ажилласан. Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийг санаачлан байгуулалцаж, нэгдэл байгуулагдсанаас хойш 6 жилийн дараа буюу 1945 оны 10-р сард болсон нэгдлийн тайлан сонгуулийн хурлаар тус нэгдлийн даргаар сонгогдон ажилласнаас 18 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан байна. Нэгдлийн даргаар ажиллах хугацаандаа нэгдлийн аж ахуйг зохион байгуулалтын талаар бэхжүүлж, нэгдийн төвийг нэгдлийн гишүүдийн хамтаар уулнаас мод зөөж, дүнзээр клуб, номын сан, халуун ус, сүү тосны завод, цэцэрлэг, захиргаа, сургууль зэрэг албан газруудыг барьж гудамж талбай гарган, гудамжийг хаягжуулж, тухайн үеийн хамгийн шинэлэг хэлбэрээр тохижуулсан байна. Эрүүл ахуйтай холбоотой соёлжилтыг маш эрчимтэй хөгжүүлэн  оюун мэдлэг, хүч чадлыг дайчлан ажиллаж байсан ба хөрш зэргэлдээ орших ЗХУ-ын хамтралуудын ажил байдалтай танилцан туршлага судалж, өөрийн нэгдлийн хүрээнд ажлаа төлөвлөсөн. Үүнд хамгийн эхний ээлжинд нэгдлээ эдийн засгийн хувьд бүрэн боломжтой болгох, мөн сумынхаа өрхийн 80 хувийг нэгдэлд  элсүүлж хамтралжуулах ажлаас эхэлсэн байна. Үүний үр дүнд  сумын 80 хувь нь богино хугацаанд нэгдэлд элссэн байна.

Чойдорж нь хүмүүс хөдөлмөрлсөний хирээр хуваарилах социалист зарчмыг өөрийн ажилд  мөрдлөг болгож, тоо бүртгэл, тайлан тооцооны систем нэвтрүүлэн нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийг хөдөлмөр өдрөөр тооцож ажилласан нь монгол улсын нэгдлүүдээс хамгийн анхдагч байсан.

Мөн хонь үхрийн сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх ажлыг орчин цагийн зоо-мал эмнэлгийн шинжлэх ухааны үндсэн дээр дэс дараалалтай зохиож, мал сүргийн тохиллог хашаа саравч, хадлан бордоо, шимт тэжээлээр хангах ажлыг жил бүр төлөвлөн төлөвлөгөөгөөр өсөг нэмэгдүүлэх зарчим дээр  ажилласан байна.

Мөн 1953-1959 онд нэгдлээ бэхжүүлэн атар газрыг эзэмших, зөгий, тахиа, жимс зэргээр туслах аж ахуй хөгжүүлэх ажлыг бусад ажилтай хослуулан нэгдлийн гишүүдэд хуваах орлогыг 1.5 сая төгрөгт хүргэж улсын тэргүүний нэгдлийн эгнээнд гаргасан тул 1959 онд хөдөө аж ахуйн нэгдлийн дарга дотроос анх удаа хөдөлмөрийн баатар цол хүртсэн нэгэн байлаа. АИХТ-ийн 1959.12.14-ны өдрийн 216-р зарлигаар Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар нэгдлийн дарга хүн байсан.

2022-10-14 13:58:56